Саяхан “Хэзээ нэгэн цагт Японд ажиллахаар төлөвлөж буй танд Японд амьдардаг гадаад иргэдийн оролцсон Япон улсад ажиллах талаарх илэн далангүй ярилцлага уулзалт” зохион байгуулагдлаа. Уулзалт ярилцлагын бичлэгт Хоккайдо мужийн Анагаах Ухааны Их Сургуулийн Дэвшилтэт Судалгааг Дэмжих Төвийн ажилтан Ито Юүко, Шизүокагийн Их Сургуулийн дэд профессор Сүзүки Тошифүми нар чиглүүлэгчээр оролцож Японд ажилладаг гадаад иргэдтэй Япон орны гадныхны сэтгэлийг татдаг зүйлс болон шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудын талаар илэн далангүй ярилцлага хийсэн юм.
Contents:
1-р хэсэг Японд ажиллахын сайхан тал ба JCWG семинараас төрсөн сэтгэгдэл
1-р хэсэгт 2021 оны 10 сараас 2022 оны 1 сард гадны олон оронд чиглэн зохион байгуулагдсан Тусгай Ур Чадварын Тогтолцооны талаарх танилцуулга “Japan Care Worker Guide (JCWG) Онлайн Семинар”-ыг хөтөлсөн Японд амьдардаг 4 гадаад иргэнээс “Японд ажиллахын сайхан тал ба JCWG семинараас төрсөн сэтгэдэл”-ийг нь сонссон юм.
Ито: “Японд амьдарч буй гадаад иргэдийн оролцсон Япон улсад ажиллах талаарх илэн далангүй ярилцлага уулзалт”-ын 1-р хэсэгт Индонезийн иргэн Агүн, Филиппиний иргэн Тифани, Шриланкын иргэн Тири, Вьетнамын иргэн Эн нарыг урин оролцуулж Шизүока Коллежийн Сүзүки багшийн хамт асуулт асууж ярилцъя гэж бодож байна.
Эдгээр 4 иргэн маань Японд асаргаанаас өөр салбарт ажилладаг бөгөөд гадаад орнуудад чиглэн зохион байгуулагдсан “Japan Care Worker Guide (JCWG) Онлайн Семинар”-ыг хөтөлсөн юм. Та бүхний семинар хөтөлсөний дараах сэтгэгдлийг сонсмоор байна.
Агүн (Индонези): Анх удаа хөтөлсөн болохоор их сандарсан. Азаар эх хэл дээрээ хөтөлсөн учраас олон зүйлийн талаар ярих боломж олдсон нь сайхан байсан.
Тифани (Филиппин): Би урьд нь хөтлөгч хийж байсан гэхдээ анх удаа онлайн семинар хөтөлсөн учраас эх хэл дээрээ ярьсан мөртлөө сандарсан. Буруу зөрүү зүйл хэлчих вий гэж их санаа зовсон.
Ито: “JCWG Онлайн Семинар”-ын үеэр та бүхнээр “Тусгай Ур Чадвар (SSW)”-ын талаар яриулсан. Семинараас өмнө “Тусгай Ур Чадвар”-ын талаар мэддэг байсан уу?
Эн (Вьетнам): Вьетнамын телевиз, олон нийтийн сүлжээгээр танилцуулагдаж байсан тул ийм тогтолцоо байдаг гэдгийг бол мэдэж байсан. Харин энэ удаагийн семинараар илүү сайн мэдэж авсан.
Тири (Шриланк): Японд “Тусгай Ур Чадвар” гэдэг тогтолцоо байдгийг мэдэж байсан, гэхдээ миний мэдэхээр өнгөрсөн 12 сараас л Шриланкад шалгалт авч эхэлсэн учраас манай оронд хүмүүст дөнгөж танигдаж эхлээд байна.
Олон нийтийн сүлжээгээр танихгүй хүмүүс хүртэл надтай холбогдсон. Өмнө нь манай оронд шалгалт авдаггүй байсан учраас хүмүүст зөвлөх хэмжээний тогтолцоо биш байсан, харин одоо бол олон нийтийн сүлжээгээр хүн бүр “Тусгай Ур Чадвар”-ын талаар судалж байна.
Ито: Японд “Тусгай Ур Чадвар”-аас эхлээд олон төрлийн оршин суух зөвшөөрөл бий. Асаргааны ажил хийнгээ өөрийн ур чадвараа хөгжүүлэхээр зорьж буй хүмүүс олон байгаа болов уу. Сүзүки багшийн бодлыг сонсъё.
Сүзүки: Би асаргаа халамжийн лицензтэй ажилтныг сургах, асаргааны ажилтнуудын сургалт боловсрол олгох ажил хийдэг учраас “Тусгай Ур Чадвар”-ын тогтолцоогоор ажиллаж буй хүүмүүстэй уулзах боломж их гардаг. Асаргаа халамжийн ажилтны лиценз нь улсаас олгодог лиценз тул үүнийг авснаар оршин суух зөвшөөрлөө “Асаргаа” болгон өөрчилж илүү удаан (Японд) ажиллах боломжтой болно. Хүн бүхэн өсч хөгжинө гэдэгт найдаж байна.
Ито: 2-р хэсэгт “Тусгай Ур Чадвар”, “Гадаад Иргэдийн Ур Чадварын Дадлага” зэрэг тогтолцоог ашиглан асаргааны ажил хийж буй хүмүүстэй ярилцана. Агүн онлайн семинарын үеэр асаргааны ажил хийж буй гадаад иргэдийн байдлыг харсан. Ямар сэтгэгдэл төрсөн бэ?
Агүн (Индонези): Шизүока мужийн асаргааны газар ажилладаг Аюүтай олон зүйлийн талаар ярилцсан. Түний хувьд сургуульд бус өөрөө бие даан Япон хэл сурч жилийн дотор Япон Хэлний Түвшин Тогтоох Шалгалтын 2-р түвшний шалгалтанд (Японоор хэлэцүүлэг хийх түвшин) тэнцсэн гэсэн, үнэхээр мундаг санагдсан. Зөвхөн өөрийнхөө төлөө бус гэр бүлийнхнийхээ төлөө Японд ирсэн гэдгийг нь сонсоод мөн сэтгэл хөдөлсөн.
Ито: 2-р хэсэгт Аюү оролцох учраас түүнтэй дараа дахин ярилцъя. Харин одоо та бүхэн “Японд ажиллахын сайхан тал”-ыг хэлж өгөхгүй юу?
Тифани (Филиппин): Мэдээж салбар бүрт харилцан адилгүй ч манай оронтой харьцуулахад цалин өндөр гэдэг нь чухал. Тансаглахгүй л байвал амьжиргаанд гачигдаж дутагдах зүйлгүй. Бас Япон компанийн ажилтнуудын ихэнх нь өргөн хүрээтэй ажил эрхэлдэг тул ялангуяа их сургууль төгсөөд шинээр ажилд орсон хүмүүсийн хувьд олон зүйлийг сурах боломж их байдаг. Хагас жилээс 1 жилийн дотор өөр алба хэлтэст шилжих боломжтой учраас өөрийгөө хөгжүүлэхэд дөхөм.
Тири (Шриланк): Би 2 компанид ажиллаж байсан ч гадаад хүмүүсийг ялгаварлан гадуурхах зүйлтэй тулгарч байгаагүй, харин ч надад их тусалдаг. Японы хууль дүрэм, Япончуудын арга барилыг дагаж мөрдөж байсан цагт таагүй зүйлтэй учрахгүй санагддаг. Аюулгүй, тайван орон болохоор мэргэжлээрээ ахиж дэвшихийг зорин энгийн амьдрах боломжтой нь хамгийн том давуу тал юм болов уу.
Эн (Вьетнам): Японы нийгэм эмэгтэйчүүдэд ажил хийхэд ээлтэй гэж боддог. Байгууллагууд ч хууль дүрмийг сайн баримталдаг, нийгмийн халамжийн сайн. Даатгалын тогтолцоо бүрэн бүрдсэн, хорт хавдрын үзлэгт үнэгүй хамрагдах боломжтой. Вьетнамтай харьцуулахад амралтын өдөр олон, жирэмсний болон хүүхэд асрах амралтын систем бүрэн бүрдсэн байдаг.
Ито: Япон эмэгтэйчүүд өөрсдөө бол эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэхэд хэцүү хэвээр байна гэдэг, харин гадаад иргэд ингэж боддог байх нь. Цаашид ч эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алины хөдөлмөр эрхлэх ээлтэй системийг бүрдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай.
Сүзүки: Гадаад хүмүүс Японд ажиллах тал дээр санаа зовдог асуудлуудын талаар та бүхэн төлөөлөн ярилаа. Цалингийн тухайд төдийгүй гадаад иргэдийн хувьд ажиллаж хөдөлмөрлөхөд ээлтэй орон эсэх талаар хамгийн их мэдэхийг хүсч байгаа байх. Японд ажилтнуудын боловсрол, сургалт зэрэг мэргэжлээрээ ахиж дэвшин, хөгжихөд ихээхэн анхаарал хандуулж буй ч дутуу дулимаг хэвээр байна. Гадаад иргэдийн ажиллаж хөдөлмөрлөх ээлтэй орчин нөхцлийг бүрдүүлэх асуудал мөн их чухал.
Ито: Та бүхэнд баярлалаа. 1-р хэсэгт “Японд ажиллахын сайхан тал ба JCWG семинараас төрсөн сэтгэдэл”-ийн талаар ярилцлаа. 1-р хэсэгт оролцсон зочид маань 3-р хэсэгт мөн оролцоно. 2-р хэсэгт дахин уулзацгаая.
“Хэзээ нэгэн цагт Японд ажиллахаар төлөвлөж буй танд Японд амьдарч буй гадаад иргэдийн оролцсон Япон улсад ажиллах талаарх илэн далангүй ярилцлага”-ын бичлэг
Уг нийтлэлээр ярилцлага уулзалтын бичлэгээс зөвхөн зарим сэдвийг сонгон танилцуулж буй билээ. Бичлэгт дээрхээс гадна Японд амьдардаг гадаад иргэдийн Японд ирэх болсон шалтгаан, ирсний дараах сэтгэгдэл зэрэг ярилцлагууд бий. Дараах бичлэгийг бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү.
- Японд ажиллахын сайхан тал ба JCWG семинараас төрсөн сэтгэгдэл “Хэзээ нэгэн цагт Японд ажиллахаар төлөвлөж буй танд Японд амьдардаг гадаад иргэдийн оролцсон Япон улсад ажиллах талаарх илэн далангүй ярилцлага уулзалт”