Зурагт, сэтгүүл, болон цахим хуудсаар Японы талаарх мэдээлэл авдаг хүмүүс олон байдаг болов уу. Япон улс нь арлын орон бөгөөд урдаас хойш үргэлжилсэн урт газар нутагтай . Токио, Осака зэрэг томоохон хотууд олонд танигдаж, их алдар цуутай байдаг ч рон нутагт ялгаагүй гайхалтай хотууд болон жуулчдын очих дуртай газрууд их байдаг. Мөн Японы аймаг хотууд далай болон уулаар хүрээлэгдсэн байдаг учир хөдөө нутгаар явахад маш амттай загас, орон нутгийн хоолнуудыг амтлах боломжтой. Японд ажиллахаар болоход юун түрүүнд том хотууд санаанд буух ч энэ удаад Японы орон нутгийн үзэсгэлэнтэй сайхан зүйлсийн тухай Японд ажиллаж байсан гадаадын иргэдээс авсан анкет болон ярилцлагаар дамжуулан сонирхоцгооё.
Contents:
УРДААС ХОЙШ ҮРГЭЛЖИЛСЭН ЯПОНЫ УРТ ГАЗАР НУТАГ
Япон улс нь урдаас хойш үргэлжилсэн урт газар нутагтай. Урд хэсгээрээ халуун орны бүсэд харьяалагдаж, хойд хэсгээрээ хүйтэн орны бүсэд хамаардаг нь гайхамшигтай. Тиймээс хамгийн дулаан Окинава муж болон хамгийн хүйтэн Хоккайдо мужийн хооронд нэг жилийн дундаж температурыг харьцуулахад хамгийн багадаа 15 хэмээр өөр байдаг[1].
Хойд хэсгээр нь цанаар гулгаж байхад урд хэсэгт нь халуун орны наран шарлагын газар тухлах боломжтой. Хэдий далайгаар хүрээлэгдсэн ч тэгш тал газар багатай, нутаг дэвсгэрийн ⅔ нь ой мод байдаг. Томоохон хотууд тэгш тал бүхий газар төвлөрдөг тул орон нутагт очиход далай, уултай шууд хамаарал бүхий хүнс хэрэглэж амралт чөлөө цагаа ч байгаль дунд өнгөрүүлэх боломжтой. Японд асрагчаар ажиллахаар сонирхож байгаа бол Японы газар нутгийн талаар нэг судалж үзэцгээе.
Асуулт: Япон улс 4 том арлаас бүрддэг бөгөөд түүнээс гадна хүн амьдардаггүй арлуудыг оруулаад хэдэн арал байдаг вэ?
Хариулт: 6852 (2015 оны тооллогоос)
ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН САЙХАН ТАЛ
Эдийн засгийн цар хүрээтэй нь харьцуулахад Японы газар нутгийн хэмжээ нь жижиг улсад тооцогддог. Түүнийгээ дагаад дотоодын тээврийн сүлжээ ихээхэн хөгжсөн байдаг учраас нисэх онгоц, галт тэрэг, автомашин, автобус зэргийг ашиглахад тун хялбар. Орон нутагт ажиллаа гэхэд амралтын өдрөөрөө Японы хаашаа ч аяллаар яваад ирэх, ойрхон байрлах томоохон хотууд руу дэлгүүр хэсэхээр явах зэргээр өнгөрүүлэх боломжтой. Мөн интернэт дэлгүүрээс захиалга хийхэд дараа өдөр нь хүргэгдэж ирэх үйлчилгээ ч байдаг нь гайхалтай. Орон нутагт амьдардаг учраас ахуйн хэрэглээ хязгаарлагдана гэсэн ойлголт Японд бараг байхгүй.
Японы орон нутгийн гоо үзэсгэлэн гэвэл юун түрүүнд байгаль билээ. Далай тэнгис, уул, гол горхитой үзэсгэлэнт хотууд орон нутгаар олон бий. Мөн зөвхөн тухайн орон нутгийн соёл, хоолыг таашаах боломжтой байдаг. Японд ажиллаж буй Филиппин улсаас ирсэн Анние “Орон нутгийн байгаль үнэхээр үзэсгэлэнтэй. Үзэж сонирхох байгалийн тогтоц газрууд олон байдаг. Томоохон хотуудад ой мод, тариалангийн талбай цөөхөн, халуун рашаан ч бараг л байхгүй. Орон нутагт хоол, уламжлалт гар урлал, зөвхөн тухайн нутгийн баяр ёслол гээд төрөл бүрийн зүйлсийг туршиж үзэх боломжтой. Миний хувьд Никкод идэж үзсэн дүпүний хальс болон Окинавагын хоол хамгийн их таалагдсан” гэж хуваалцав.
ОРОН НУТАГТ АЖИЛЛАХ НЬ
Томоохон хотод ажиллах уу, орон нутагт ажиллах уу гэдэг тал дээр хүн хүний бодол өөр байдаг. Том хотын амьдрал өрнүүн, хүн ихтэй, барааны үнэ ч өндөр байдаг. Эсрэгээрээ орон нутагт сайхан байгальтай, байр болон барааны үнэ хямд байдаг. Японы Оита мужид ажиллаж байсан Непал улсын иргэн Мани Гяавали дараах сэтгэгдлийг хэлэв. “Янз бүрийн шалтгаанаар Токио болон Осакад амьдарч үзсэн. Аль аль нь том хот бөгөөд сайхан газар байсан ч надад бол орон нутаг илүү их таалагдсан. Учир нь ажиллах орчин, хүмүүсийн харилцаа нь илүү таалагддаг. Орон нутгийн том хотоос ялгарах ялгаа нь хүн хоорондын харилцаа юм. Орон нутгийн хүмүүс харилцан ойлголцол, бие биедээ туслалцах соёл гэх мэтийг маш чухал гэж үздэг санагдсан. Орон нутагт хэцүү үед танихгүй хүн байсан ч туслах сэтгэлтэй байдаг. Мөн орон нутагт өдөр тутмын хэрэгцээт зүйлс том хоттой адилхан бүгд байдаг тул тайван орчинд ажиллаж амьдрах боломжтой”.
БАЙГАЛИЙН ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ ИХТЭЙ ЯПОН ОРОН
Эцэст нь Японы байгалийн гамшгийн талаар ярилцъя. Далай, уултай ойрхон учир орон нутаг дахь байгалийн гамшигт санаа зовох хүмүүс байгаа болов уу. Энд том хот, жижиг хотоос үл хамааран бүх газар нутагт байгалийн гамшгийн үеийн бэлтгэлийг хангахыг чухалчилж авч үздэг. Хар салхи, аадар бороо, цасан шуурга, газар хөдлөлт, цунами, галт уулын дэлбэрэлт зэрэг нь байгалийн гамшигт тооцогддог. Та бүхэн 2011 оны 3-р сард тохиосон зүүн хойд бүсийн газар хөдлөлт болон цунамигийн талаар мэдээгээр үзэж байсан байх. Японд Үндэсний, орон нутгийн болон аж ахуйн нэгж байгууллагын гээд бүх түвшинд байгалийн гамшгийн бэлтгэлийг хангах ажлыг хэрэгжүүлдэг. Тиймээс энд ажиллах бол та нүүлгэн шилжүүлэх бэлэн байдлын сургалтад тогтмол хамрагдах болно.
Газар хөдлөлтийг анх мэдрэх үед их айдаг хүмүүс бий. Дараах холбоосоор Японы гамшгийн талаар судлахад илүүдэхгүй биз ээ.
Cabinet Office Japan Засгийн газрын хэрэг эрхлэх газар:http://www.bousai.go.jp/index-e.html
JNTO (Japan National Tourism Organization) Японы аялал жуулчлалын товчоо:https://www.jnto.go.jp/safety-tips/eng/index.html