ЯПОНД АМЬЖИРГААНД ШААРДАГДАХ МӨНГӨ

ЯПОНД АМЬЖИРГААНД ШААРДАГДАХ МӨНГӨ

Зарим асрамжийн газар Японд амьдрах байраар хангадаг ч цалингаасаа өөрийн байрны түрээс, хоол хүнс зэрэг амьжиргааны зардлаа төлөх шаардлагатай. Иймд сард хэр зэрэг мөнгө шаардагддагийг мэдэж байх нь зүйтэй. Ганцаараа амьдрах хүнд шаардлагатай мөнгөний тухай доор танилцуулъя.

Contents:

Сарын амьжиргааны зардал

Дотоод Хэргийг Яамны судалгаанаас үзвэл 2020 оны ганцаараа амьдардаг хүмүүсийн (дундаж нас 58.5) хэрэглээний зардал (хувь хүн болон гэр бүлийн амьдралаа залгуулахад шаардлагатай амьжиргааны зардал) нь сард дунджаар 150,000 иен гэсэн тоон мэдээ гарчээ.  Гэвч энэ тоо нь Япон даяарх өрхийн судлагааны дундаж тул нийслэл Токио хот зэрэг байрны түрээс өндөртэй бүс нутагт байрны түрээсийн төлбөр илүү өндөр, сар бүрийн амьжиргааны зардал ч бага зэрэг өндөр байна. Жилийн 9-12 сард зардал хамгийн их гардаг.

Эх сурвалж: Дотоод Хэргийг Яам, Өрхийн Судалгааны тайлан https://www.stat.go.jp/data/kakei/2020np/gaikyo/pdf/gk02.pdf

Задаргааг нь дор авч үзье. Харин хадгаламжийн дундаж дүн ойролцоогоор 40,000 иен байжээ. Ганцаараа амьдардаг гадаад, Япон хүмүүс хоол хүнс, ус, тог, газ, дулаан зэргийн зардлаа аль болох хэмнэж, зугаа цэнгэлийн зардалдаа илүү зарцуулах юм уу хадгаламжиндаа нэмдэг байна.

Байрны түрээс Ойролцоогоор 20,000 иен

Хоол хүнс Ойролцоогоор 40,000 иен

Ус, тог, газ, дулаан Ойролцоогоор 12,000 иен

Цахилгаан холбоо Ойролцоогоор 7,000 иен

Хувцас, ахуйн хэрэглээний барааны худалдан авалт Ойролцоогоор 5,000 иен

Үерхэл нөхөрлөл, зугаа цэнгэл  Ойролцоогоор 28,000 иен

Эрүүл мэндийн зардал Ойролцоогоор 7,000 иен

Бусад Ойролцоогоор 33,000 иен

Нийт Ойролцоогоор 152,000 иен

 

Сарын амьжиргааны зардлын 40 орчим хувийг эзэлдэг байрны түрээс, хоол хүнсний зардал

Хэрэглээний зардлын тоо баримтаас үзвэл, байрны түрээсийн дундаж үнэ 20,000 иен байсан хэдий ч энэ нь амьдарч буй бүс нутгаас хамааран ихээхэн ялгаатай. Иймд амьдарч ажиллах бүс нутгаа шийдсэн бол интернетээр мэдээлэл хайж байрны түрээсийн зардлын баримжаа мэдэх боломжтой.

Хэрэглээний зардлын тоо баримтаас мөн үзвэл, ганцаараа амьдардаг хүмүүс хоол хүнсний зардалдаа ойролцоогоор 40,000 иен зарцуулдаг болох нь тогтоогджээ. Хоолоо өөрсдөө хийдэг хүмүүс супермаркетаас орцоо бөөнөөр нь худалдан авч амралтын өдрүүдэд хоол хийж тавих, эсвэл ажилдаа хийсэн боолтын хоолоо авч явдаг.  Хоол хийж чаддаггүй хүмүүс 24 цагийн дэлгүүрийн боолтын хоол авах юм уу сүлжээ хоолны газруудаар хооллодог.

 

Хэрхэн хэмнэх вэ?

Японд амьдрахад амьжиргааны зардал өндөр, ганцаараа амьдрахаас санаа зовниж буй хүмүүс байгаа байх. Эдгээр хүмүүст зориулж зардлаа хэмнэх аргыг зааж өгье. Амьжиргааны зардлыг сар бүр үнийн дүн нь өөрчлөгддөг хувьсах зардал, сар бүр ижил дүнтэй тогтмол зардал гэж ерөнхийд нь ангилж болно. Хувьсах зардал болох хоол хүнс, үерхэл нөхөрлөл, эрүүл мэндийн зардал зэрэг нь тухайн үеийн байдлаас хамааран үнийн дүн нь ихээхэн өөрчлөгддөг тул хэмнэе гэсэн ч бодитоор хүндрэлтэй байдаг. Харин тогтмол зардлыг гэрээгээ эргэн хянаж, өөрчилснөөр урт хугацаанд хэмнэх боломжтой. Тогтмол зардалд байрны түрээс, харилцаа холбооны зардлыг дурьдаж болох бөгөөд үүн дотроо цахилгаан холбооны зардлаа нэн ялангуяа хэмнэхийг зөвлөе.

 

Гар утасны төлбөрөө хянаж үзэцгээе

Хэрэглээний зардын тоо баримтаас үзвэл, ганц гишүүнтэй өрхийн цахилгаан холбооны зардал сард дунджаар 7,000 иен гэсэн дүн гарсан байна. Энэ нь жилд 84,000 иенийн зардал гардаг гэсэн үг. Сүүлийн жилүүдэд өндөр чанартай, сарын төлбөр нь хямд үйлчилгээнүүд мөн гарах болсон. Дотоод Хэргийн Яамнаас Токио зэрэг 6 хотын 2021 оны 3-р сарын байдлаарх гар утасны төлбөрийг зарласан бөгөөд эрэлт өндөртэй сарын 20 гега дататай багцын сарын төлбөр нь Токиод 3,000 иен орчим буюу Лондоны дараа хямд гэж гарчээ. 

Том компани биш байлаа ч ухаалаг утас, интернэт бүрэн ашиглах боломжтой тул цахилгаан холбооны зардлаа эргэн хянаснаар амьжиргааны зардлаа ихээхэн хэмнэх боломжтой. Цахилгаан холбооны зардлаа хямд шилэн кабель, бага үнэтэй СИМ зэргээр сольсноор сар бүр 2,000 иен хэмнэвэл амьжиргааны зардал жилд 24,000 иен хүртэл багасах боломжтой. Ухаалаг утасны багцуудын ихэнх нь датаны хэмжээнээс хамаарсан ялгаатай тарифтай байдаг тул ойролцоогоор 3 сарын хугацаанд хэрэглээгээ хянаж өөрт хэдэн гега хангалттайг мэдэж гэрээний багцаа өөрчлөхийг зөвлөе.