ЯПОН ДАХЬ АСАРГААНЫ АЖИЛ ГЭДЭГ НЬ ЯМАР АЖИЛ БАЙДАГ ВЭ?

ЯПОН ДАХЬ АСАРГААНЫ АЖИЛ ГЭДЭГ НЬ ЯМАР АЖИЛ БАЙДАГ ВЭ?

Асаргааны ажил гэж сонсохоор эмнэлгийн сувилагчийн ажил шууд сэтгэлд бууж магадгүй. Үнэндээ бол Япон улсад хүн амын хөгшрөлт эрчимтэй явагдаж байгаагийн улмаас сувилагчаас ялгаатай асаргааны ажилтан гэх ажил нэн чухал мэргэжил болоод байна. Японд асрагчаар ажиллаж байсан гадаадын иргэдээс авсан анкет болон ярилцлагаар дамжуулан энэхүү асаргааны ажил нь яг ямар ажил вэ гэдэг талаар танилцуулъя.

Contents:

АСАРГААНЫ АЖИЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Асаргааны ажил нь ихэвчлэн өндөр настан тэргүүтэй бие махбодын эсвэл сэтгэл зүйн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг илүү бие дааж амьдрахад нь туслах зорилготой ажил юм. Жишээлбэл, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг өдөр тутам ганцаараа амьдрахад бэрхшээлтэй хүнийг хооллох, усанд оруулах, бие засуулах зэрэг ахуйн янз бүрийн ажлыг нь хийхэд нь тухайн тулгарч буй бэрхшээл, орчинд нь тохируулан туслалцааг үзүүлдэг. Ажиллах газар нь асрамжийн газар, өдрийн асрамж үйлчилгээний төв, эсвэл асруулагчийн гэр байх болно.

Асрагч үндсэндээ доорх ажлыг хийж гүйцэтгэнэ.

  • Хооллох асаргаа, усанд оруулах асаргаа, бие засах асаргаа, хөдөлгөөний асаргаа, шилжүүлгийн асаргаа
  • Гэр цэвэрлэх, хоол хийх зэрэг ахуйн ажлын асаргаа
  • Халамжийн тоног төхөөрөмжийн ашиглалт
  • Эмч, сувилагч, холбогдох мэргэжилтэн, гэр бүлийн гишүүдтэй хамран ажиллах
  • Гадуур салхилах, чийрэгжүүлэлтийг төлөвлөх, хэрэгжүүлэх

 

ЯПОН ДАХЬ АСАРГААНЫ АЖЛЫН ТУХАЙД

Японд ажилд орох болон гэрлэхээрээ эцэг эхээсээ тусдаа гарч амьдрах хүмүүс олон байдаг. Тиймээс нас өндөр болох үедээ хүмүүс ганцаараа эсвэл хоёулаа л амьдрах хандлагатай байдаг. Хэрвээ бие махбодын эсвэл сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй бол ямар нэгэн дэмжлэггүйгээр амьдрахад хүндрэл учирч, асаргааны үйлчилгээ авах хэрэгцээ шаардлага үүсдэг. Үүнийг дагаад хүн амын хөгшрөлт явагдаж буй Японы нийгэмд асаргаатай холбоотой тогтолцоо, асрамжийн газрууд маш сайн хөгжсөн байдаг.

Японд асрагчаар ажиллаж байсан Филиппин улсын иргэн Алберт Фернандез “Филиппинд ч мөн өндөр настнуудад зориулсан төвүүд байдаг ч асрамжийн газар гэж нэрлэдэггүй. Японтой ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг асрамжийн газар байдаг гэж бодохгүй байна. Манай оронд байдаг төвүүд нь зүгээр л өндөр настнууд амьдрах боломжтой газар юм.” гэв. Төрөлт багасаж, өндөр настнууд нэмэгдэж, тусдаа амьдрах гэр бүл эрчимтэй олширч буй Япон улс нь асаргаа сувилгааны тусламжийн үйлчилгээ өндөр хөгжсөн орон гэж хэлж болно. Цаашид Азийн бусад улс орнуудад ч мөн хүн амын хөгшрөлт явагдах тооцоолол байгаа учир асаргааны үйлчилгээний хувьд хөгжсөн Япон улсын арга барилаас суралцах таатай боломж байж болох юм.

 

АСАРГААНЫ АЖЛЫН САЙХАН ТАЛ

Асаргааны ажил хийхэд өндөр настнууд болон тэд нарын гэр бүлтэй байнгын харилцаатай байдаг ба элдвийн зүйлийг ярилцдаг. Тэгж ярилцаж байхад “Баярлалаа” гэсэн талархлын үг байнга сонсох нь асаргааны ажлын хамгийн сайхан тал байдаг бололтой.

Индонезоос ирсэн Рисванти “Асрамжийн газрын асруулагчийн яриаг ойлгож, хүслийнх нь дагуу асарч чадаж байгаа нь надад өөрт их сайхан мэдрэмж төрүүлдэг. Асарсны дараа асруулагчийн инээмсэглэлийг харах нь бүр хамгийн их урам өгдөг. Асруулагчийн гэр бүлийн хүмүүстэй ч бас харилцах тохиолдол их байдаг. Тэдэнтэй миний төрсөн нутаг болох Индонезийн тухай,  толгойн хижаб алчуур (Лалын шашинтай эмэгтэйчүүдийн үс болон чихээ нуух зориулалттай алчуур) зүүдэг шалтгааны тухай зэргийг ярилцаж суухад хоорондын итгэлцэл бий болдог” гэж ярив.

 

ЯМАР ХҮН АСРАГЧИЙН АЖИЛД ТОХИРОХ ВЭ?

Ярилцах дуртай, бусдын сэтгэлийг ойлгодог хүн асаргааны ажилд илүү тохирдог бололтой. Мөн асаргааны ажилд тодорхой хэмжээний “бяр хүч” хэрэгтэй болдог ч сүүлийн үед хүний бие махбодын талаар суралцах, тоног төхөөрөмж ашиглах зэргээр хүч хүрэхгүй нөхцөл байдлыг нөхөж болдог болжээ. Японд асаргааны ажил хийсэн туршлагатай гадаадын иргэдээс асрагчид тохирох зан чанар, онцлогуудыг асууж нэгтгэв.

  • “Асрагч болон асруулагчийн хооронд итгэлцэл бий болгохын тулд харилцан ярилцах нь маш чухал учраас ярилцах дуртай хүн асрагчийн ажилд тохирно. Мөн зөөлөн, гэгээлэг, хүний сэтгэлийг ойлгодог хүнд энэ ажил маш сайн тохирно.”
  • “Өөдрөг үзэлтэй, хичээнгүй, идэвх чармайлттай, найрсаг, хүчтэй хүн асрагчийн ажлыг өөрт болон өрөөлд таатайгаар хийж чадах болно.”
  • “Асаргааны ажилд хүч чадал хэрэгтэй үе байдаг ч бие махбодын ажиллагааны талаар суралцсан байхад амархан хийчихдэг болно. Мөн хөдөлгөхөд дэмжих тоног төхөөрөмж ч байдаг болохоор тухайн төхөөрөмжийг ажиллуулах аргыг мэдээд авчихад заавал биеийн хүч шаардлагагүй.”

 

АСАРГААНЫ МЭРГЭЖИЛТНЭЭР ӨСӨН ДЭВЖИХ НЬ

Асрагчаар ажилласан нөхцөлд цаашдын ирээдүйд ямар өсөн дэвжих боломжууд байдаг вэ? Японд асрагчаар ажиллаж туршлага хуримтлуулан байгууллагынхаа хамгийн чадварлаг ажилтан болохыг зорьдог хүмүүс байхад улсын асаргааны мэргэжилтний үндэсний эрх авахаар зорих хүмүүс ч олон байдаг. Мөн, япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын 1 дүгээр зэргийг авч Японд төдийгүй төрсөн нутагтаа ч ихийг хийхээр зорьж буй хүмүүс олон байдаг.

Вьетнам улсын иргэн Хоанг Ти Нгок Ан хэлэхдээ “Гэр бүлийн нөхцөл байдлаас болоод нутагтаа буцсан ч Японд сурсан асаргааны туршлага болон япон хэлийг бусдад заах хүсэлтэй байна” гэсэн ба энэ мэтээр өөртөө шинэ карьерыг бий болгож байгаа хүн ч бас байна.

Японд хүн амын хөгшрөлтийг дагаад асаргааны ажил хийх хүний нөөц дутагдаж байгаагийн улмаас төрөл бүрийн арга замаар дамжуулан асаргааны хүний нөөцөө нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ ажлын хүрээнд гадаадын иргэдийг сэтгэл амар Японд ирээд асрагчаар ажиллах нөхцөл боломжоор хангах бэлтгэлийг хийж байна[1]. Та бүхнийг японд асаргааны ажил хийхийг багахан ч болов сонирхвол баяртай байх болно.

 
[1] 厚生労働省「福祉・介護人材の確保に向けた 取組について」Ministry of Health, Labour and Welfare “Efforts to Secure Personnel in Nursing Care”