Асаргааны ажил эрхэлдэг олон Япончууд асаргаа халамжийн ажилтны зөвшөөрөл авсан байдаг.
Тусгай ур чадвараар Японд ирэх та бүхнийг мөн асаргаа халамжийн ажилтны зөвшөөрөл авахыг зөвлөе. Асаргаа халамжийн ажилтны зөвшөөрөл гэж юу болох, хэрхэн авдаг талаар танилцуулъя.
Contents:
Асаргаа халамжийн ажилтны зөвшөөрөл гэж юу вэ?
Асаргаа халамжийн ажилтны зөвшөөрөл олгох улсын шалгалтад тэнцсэн хүмүүст олгодог зөвшөөрлийг хэлнэ. Энэ нь улсаас хүлээн зөвшөөрөгдсөн зөвшөөрөл юм. (Японд эмч, сувилагчийн зөвшөөрөл зэрэг нь улсаас олгодог зөвшөөрөлд багтдаг.)
Асаргаа халамжийн ажилтны зөвшөөрөл нь асаргаатай холбоотой ажлын голлох зөвшөөрөл юм.
Асаргаа халамжийн ажилтны зөвшөөрөл авснаар юу өөрчлөгдөх вэ?
Тусгай ур чадвараар Японд ирэх та бүхний нэгэн адилаар асаргаа халамжийн ажилтны зөвшөөрөлгүй байсан ч асаргааны ажлыг хийж болно.
Харин асаргаа халамжийн ажилтны зөвшөөрлийг авснаар мэргэжлийн илүү өндөр мэдлэг, ур чадварыг эзэмших боломжтой болдог.
Цалингийн тухайд сар бүр асаргаа халамжийн ажилтны зөвшөөрлийн нэмэгдэл авах боломжтой.
Асаргаа халамжийн ажилтны зөвшөөрлийг авч туршлага хуримтлуулсанаар ахлахын албан тушаалд дэвшиж бусад ажилтнуудыг сургах, зааварчлах эрхтэй болно.
Тусгай ур чадвараар ирэх та бүхэн ч мөн асаргаа халамжийн ажилтны зөвшөөрлийг авснаар оршин суух зөвшөөрлийн төрлөө「Асаргаа」-руу шилжүүлэх боломжтой юм.
Японд амьдрах хугацаанд хязгаарлалт тавигдахгүй тул хугацаагаа сунган хүссэн хугацаагаараа Японд ажиллах боломжийг эдэлнэ.
Асаргаа халамжийн ажилтны зөвшөөрөл авахын тулд яах ёстой вэ?
Асаргаа халамжийн ажилтны зөвшөөрөл олгох улсын шалгалтыг өгөхийн тулд 3 жилийн практик туршлагаас гадна асаргааны ажилтнуудад зориулсан сургалтыг дүүргэсэн байх нөхцлийг хангах шаардлагатай. Улсын шалгалтыг бичгээр болон ур чадварын шалгалтаар авдаг.
Асаргаа халамжийн ажилтны зөвшөөрлийг авч оршин суух зөвшөөрлөө 「Асаргаа」-руу шилжүүлэхийн тулд 3 жилийн практик туршлага, асаргааны ажилчдад зориулсан сургалтын хугацаанаас гадна шалгалт өгөх өдөр хүртэлх хугацаа, бүртгүүлэхэд шаардагдах хугацаа зэргийг мөн нягтлах шаардлагатай.
Тусгай ур чадвараар Японд амьдрах дээд хугацаа нь 5 жил. Ажлаа хийхийн хажуугаар улсын шалгалтанд давхар бэлдэх хэрэгтэй. Японд ирэхээсээ өмнө асаргаа халамжийн ажилтны зөвшөөрөл авах зорилтыг тавин төлөвлөгөө гаргах нь зүйтэй.