“Японд очиж ажил хийж үзье” гэсэн бодол төрсөн цагаас эхлэн япон хэлний хичээлээс авхуулаад бусад олон бэлдэх зүйл гарч ирдэг. Төрсөн нутгаасаа холдон Япон улсыг зорьж тэндээ ажиллаж амьдрах учраас нарийн бэлтгэл хангах, гэр бүлийн харилцан ойлголцол зэрэг нэн шаардлагатай. Түүнчлэн шинэ орчинд өөр хэлээр ажиллахад ямар байх бол гэж санаа зовних нь гарцаагүй юм. Японд асрагчаар ажиллаж байсан туршлага бүхий гадаад улсын иргэдээс анкет болон ярилцлагаар дамжуулан асаргааны ажлыг сонгосон шалтгаан, ирэхээс өмнөх бэлтгэл, санаа зовж байсан зүйлсийн талаар асууж үзлээ.
Contents:
ЯАГААД ЯПОН ДАХЬ АСРАГЧИЙН АЖЛЫГ СОНГОСОН БЭ[1]?
Энэхүү ажлыг сонгосон шалтгаан нь хүн хүнээсээ хамаараад өөр өөр байдаг. Жишээлбэл, хүүхэд байхаасаа Японд очиж үзэхийг хүсч байсан гэж хэлсэн хүн байхад төрөлх нутагтаа сувилагчаар ажиллаж байхаасаа зөнөх өвчний асаргааны талаар суралцахыг хүсч байсан гэх сэтгэгдэл, мөн Япон хүнийг хичээнгүй гэж сонсож байсан болохоор хамтарч ажиллаж үзэхийг хүсэж байсан гэх хариултууд бидэнд ирэв. Японд асрагчаар ажиллаж буй гадаад орны иргэдээс “Яагаад Япон дахь асрагчийн ажлыг сонгосон бэ?” гэсэн асуултанд дараах хариултыг хүлээн авлаа.
- “Ирээдүйд эцэг эхээ асрахдаа бэлдэж Японд асаргааны талаар сайн сурч авах нь зүйтэй гэж бодсон. Асаргааны ажлыг “буян хуримтлуулдаг” гайхалтай ажил гэж боддог” (М, Мьянмар улс)
- “Бага ангид байхад Япончуудын барьж өгсөн соёл амралтын хүрээлэнд очих их дуртай, “Ийм газрыг байгуулсан Японд очих үзэхсэн” гэж их боддог байлаа. Дараа нь том болоод их сургуульд суралцаад сувилагчийн эрх авч байсан юм. Тухайн үеийн их сургуулийн багшаасаа Японд асаргааны ажил байдаг талаар мэдэж аваад, алдаж боломгүй боломж байна гэж бодсон.” (Н, Индонез улс)
- “Миний эх нутаг болох Филиппинд ажлын байр олдоц муутай байсан үед гэр бүлийнхээ төлөө ажиллах шаардлагатай болсон тул гадаадад ажиллахаар шийдсэн. Япон дахь асаргааны ажил маш боловсон бөгөөд дэвшилтэт технологи ашигладаг гэж сонсоод сурах хүсэл эрмэлзэл төрсөн” (Ж, Филиппин улс)
- “Эх орондоо эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан. Өндөр настай хүмүүстэй харилцах дуртай учраас зөнөх өвчний асаргааг сурахыг хүсч Японд ирсэн” (П, Индонез улс)
[1] 三菱UFJリサーチ&コンサルティング株式会社 「外国人介護職員の受入れと活躍支援に関するガイドブック」Mitsubishi UFJ Research & Consulting Co.,Ltd. “Guidebook for Accepting and Supporting Foreign Care Workers”
ТӨРСӨН НУТАГТАА БАЙХДАА АСРАГЧИЙН АЖЛЫН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ХААНААС АВСАН БЭ?
“Их сургуульд сурдаг байхдаа гэрийн асаргааны ажил хийдэг байлаа. Тухайн үед очсон айлын хүмүүсээс Япон дахь асаргааны талаар анх олж мэдсэн. Тэр даруй интернетээр японы асаргааны ажлын талаар нарийн судалсан” гэж Индонезоос ирсэн Рисванти хуваалцав. Мөн “Японы эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны цахим хуудаснаас асаргааны талаарх мэдээллийг анх уншиж асаргааны ажлын талаар анх мэдэж авч байсан”, “Хамт ажилладаг хүнээсээ асаргааны ажлын талаарх мэдээллийг анх авч байсан”. Хүмүүс янз бүрийн эх үүсвэрээс Япон дахь асаргааны ажлын мэдээллийг хүмүүс олж авдаг бололтой. Мөн мэдээлэл өгөх өдөрлөг, цахим семинарууд улс орнуудад явагддаг тул сонирхож буй хүмүүс интернетээр судлаад үзээрэй. 2020 оны сүүлийн хагасаас 2021 оны эхний хагасын турш цахим семинарууд явагдана. Индонез, Мьянмар, Монгол, Непал, Камбож улсын иргэд дараах холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. (Холбоос)
ЯПОНД ИРЭХ ХҮРТЭЛ БЭЛТГЭЛ ХАНГАХАД ХЭР ЗЭРЭГ ХУГАЦАА ОРСОН БЭ?
“Япон явъя”, “Асрагчийн ажил хийе” гэж шийдсэн цагаасаа эхлээд 1-1,5 жилийн дараа хүмүүс Японд ирэх нь элбэг байна. Гагцхүү япон хэлний мэдлэг, асаргааны сонирхлоос шалтгаалж бэлтгэх хугацаа ялгаатай байдаг байна. Мөн гэр бүлийн ойлголцол, ажиллах асрамжийн газраа олох зэрэг нь бэлтгэл хангах хугацаанд ихээхэн нөлөөлдөг хүчин зүйлүүдийн нэг юм. Вьетнамаас ирсэн Хоанг Ти Нгок Ан “Их сургуулиа төгссөний дараа Японд асрагчаар ажиллая гэж бодох болсон. Түүнээс яг 1 жил хагасын дараа Японд ирсэн” гэв.
Японд ирэхдээ зайлшгүй бэлтгэл хангах шаардлагатай нэг чухал зүйл нь бол амьдрах байраа шийдэх явдал юм. Хоанг “Япон дахь асрамжийн газрын маань нэг ажилтан их найрсаг сэтгэл гаргаж надад амьдрах байраа олоход зөвлөж өгсөн. Байрны төлбөр, хэдэн хүн амьдрах, ажилтай ойр эсэх, ажилдаа очиход алхах эсвэл дугуй унах эсэх, байрны ойр орчим амар тайван эсэхийг бодолцож үзсэн” гэж ярив.
ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЛ Ч ГЭСЭН ЧУХАЛ
Индонезоос ирсэн Рисванти гэр бүл нь дэмжиж байсан тул Японд асаргааны ажил хийх боломжтой болсон талаараа хуваалцав. “Япон явахад минь эсэргүүцсэн хүн гэр бүлийн гишүүд дотор минь байгаагүй. Харин ч их дэмжиж байсан. Хамгийн их дэмжлэг болсон нь “Гэр бүлдээ санаа зоволтгүй болохоор Японд сайн ажиллаад их юм сураарай. Үргэлж дэмжиж байгаа шүү” гэсэн эцэг эхийн маань дотно үг” гэв.
Нөгөө талаар эцэг эхийн зөвшөөрөл хэрэгтэй хүн ч байсан бололтой. Филиппинээс ирсэн Алберт Фернандез “Асрагчаар Японд ажиллах хүсэл сонирхлыг маань эцэг эх маань эхэндээ эсэргүүцэж байсан. Тэд маань асрагчийн ажлын талаар мэдээлэл багатай байсан тул тэр байх. Мөн асрагчаар бус сувилагчаар ажиллах хэрэгтэй гэж бодож байсан ч байж магадгүй юм. Хүлээн зөвшөөрүүлэхэд ихээхэн цаг хугацаа зарцуулсны эцэст намайг дэмжсэн” гэж өгүүлэв.
ЯПОНД ИРЭХЭЭСЭЭ ӨМНӨ ЮУНД САНАА ЗОВЖ БАЙСАН БЭ?
“Японы амьдралын хэв маягт санаа зовж байсан. Миний хувьд лалын шашинтай учир идэж болохгүй хоол хүнсний төрөл байдаг. Ойрхон дэлгүүрүүдэд халал хоол хүнс байгаа эсэхэд санаа зовж байсан” гэж Индонез улсын Рисванти хариулжээ. Японд амьдрахад санаа зовоож буй зүйлсийн талаар Японд ажиллаж байгаа нутаг нэгт асрагчидтай зөвлөлдөх, ажиллах асрамжийн газрын ажилтнуудаасаа мэдээлэл авах зэргээр шийддэг байна. Мөн нутгаасаа явах өдөр ойртох тусам япон хэл дээрх бэлдэх бичиг баримтууд олширдог тул хэлний тал дээр сэтгэл зовних нь нэмэгддэг бололтой. “Япон хэлний мэдлэгтээ санаа зовж байсан. Япон хэлээр сайн ярьж чадахгүй бол юу ч хийж чадахгүй гэж бодоод хичээнгүйлэн сурсан” гэсэн сэтгэгдэл байв.
Хоол, шашин, амьдралын хэв маяг зэрэгт санаа зовниж байвал бусад хүмүүстэй зөвлөлдөх нь шийдэлд хүрэх дөт зам юм шүү.