Тусгай ур чадварын ажилтны тогтолцоо

Та Японд асрагчаар ажиллаж үзмээр байна уу?

Оршин суух зөвшөөрлийн “Тусгай ур чадварын ажилтан” гэдэг төрөл нь улам бүр хурцдаж буй ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэх зорилгоор тодорхой заасан мэргэжил, ур чадвартай гадаадын боловсон хүчнийг асаргаа тэргүүтэй 14 төрлийн ажлын байранд ажиллаж амьдрахыг зөвшөөрсөн оршин суух зөвшөөрөл бөгөөд энэхүү төрлийн зөвшөөрлийг 2019 оны 4 дүгээр сараас олгож эхэлсэн юм. Тусгай ур чадварын ажилтан гэдэгт i, ii гэсэн хоёр төрөл байдаг ба асаргааны ажил нь зөвхөн i дүгээр төрөлд хамааралтай юм.

Тусгай ур чадвар (i) бүхий асаргааны ажилтан гэж юу вэ?

“Тусгай ур чадвар (i) бүхий асаргааны ажилтан” эрхийг авахад боловсролын байдал төдийлөн хамаагүй бөгөөд, 18 нас хүрсэн бол хэн ч хүсэлт гаргаж болно. Гагцхүү “Тусгай ур чадвар (i) бүхий асаргааны ажилтны оршин суух зөвшөөрөл”-ийг авахын тулд асаргааны тодорхой түвшний ур чадвартай гэдгийг баталгаажуулах шаардлагатай. Үүнд “Nursing Care Skills Evaluation Test” гэсэн шалгалтыг өгч тэнцсэн байх, япон хэлний мэдлэгийг шалгах “Япон сангийн япон хэлний суурь мэдлэгийн шалгалт (JFT-Basic)”-д тэнцэх эсвэл “Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт (JLPT)”-ын N4 буюу 4 дүгээр түвшнээс дээш түвшнийг авсан байх, мөн асаргааны ажил хийхэд шаардлагатай япон хэлний мэдлэгийг шалгахад зориулсан “Nursing Care Japanese Language Evaluation Test” -ыг өгч тэнцсэн байх зэрэг нь үндсэн шалгуур нөхцөл болдог.
Гэр бүл нь дагалдах (гэр бүлийн хамтаар Японд ирэх) нөхцөлийг үндсэндээ зөвшөөрдөггүй.
Японд ажиллах үндсэн хугацааг 1 жилээр өгдөг ба 4 эсвэл 6 сар тутамд сунгасаар дээд тал нь 5 хүртэлх жил ажиллах боломжтой. Гагцхүү, 5 жилийн дотор “Асаргааны мэргэжилтэн”-ий эрхийг авч чадвал оршин суух зөвшөөрлөө өөрчилж Японд байнгын ажиллахын сацуу гэр бүлээ авчрах боломж нээгдэх юм.
Ажиллах газрын хувьд хүлээн авагч байгууллага, эсвэл дэмжлэг үзүүлэх бүртгэлтэй байгууллагаас туслалцаа үзүүлдэг тул үүнд санаа зоволтгүй шүү. Хэрэв, шилжин ажиллах бол асаргааны ижил төрлийн өөр байгууллагад шилжүүлэх боломжтой байдаг.

Асаргааны ажлын тусгай ур чадварыг “Nursing Care Skills Evaluation Test”, “Nursing Care Japanese Language Evaluation Test”, Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт гэсэн гурван шалгалтаар дамжуулан үнэлдэг.
Nursing Care Skills Evaluation Test болон Nursing Care Japanese Language Evaluation Test нь асаргааны ажлын байран дээрх мэргэжлийн ур чадвар болон япон хэлний мэдлэгийг хэмжих замаар ямар ч нөхцөлд бэлэн байх түвшнийг суурь түвшин гэж үндэслэн тогтоосон байдаг.
Япон хэлний мэдлэгийн түвшнийг Япон сангийн япон хэлний суурь мэдлэгийн шалгалт (JFT-Basic) эсвэл Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт (JLPT) (N4-өөс дээш түвшнийг хангах)-ыг үндэслэн тогтоодог.

Дараах гурван шалгалтын тухайд дарааллын дагуу тайлбарлая.
1. Япон сангийн япон хэлний суурь мэдлэгийн шалгалт (Japan Foundation Test for Basic Japanese, JFT-Basic), эсвэл Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт (JLPT)-ын N4-өөс дээш түвшнийг хангах
2. Nursing Care Japanese Language Evaluation Test
3. Nursing Care Skills Evaluation Test

ЯПОН САНГИЙН ЯПОН ХЭЛНИЙ СУУРЬ МЭДЛЭГИЙН ШАЛГАЛТ

Япон сангийн япон хэлний суурь мэдлэгийн шалгалт (Japan Foundation Test for Basic Japanese, JFT-Basic) нь ихэвчлэн Японд ажиллахаар ирсэн гадаадын иргэдэд зориулсан байдаг. Энэхүү шалгалт нь тухайн хүний өдөр тутмын харилцан ярианд шаардлагатай япон хэлний мэдлэгийг хэмжиж, “тодорхой хэмжээнд өдөр тутмын харилцан яриа хийж чадах, ажиллаж амьдрахад ямарваа нэгэн бэрхшээл үүсэхгүй байх түвшний мэдлэг” бий эсэхийг тодорхойлох зорилготой.

Шалгалт нь “Үсэг, үгсийн сан”, “Харилцан яриа, илэрхийлэл”, “Сонсох”, “Унших” гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй. Шалгалтын асуултууд англи хэл дээр бичигдсэн байдаг ч Your Language сонголтыг дарж өөрийн орны хэлийг сонгож асуултуудаа унших боломжтой.

Шалгалтын дэлгэрэнгүй, шалгалтын дэлгэцийн бодит үйл ажиллагааны талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл дараах холбоосоор орж үзээрэй.

●Япон сангийн япон хэлний суурь мэдлэгийн шалгалт (JFT-Basic)-ын ажиллах заавар (YouTube)
●Жишиг асуултыг эндээс үзнэ үү.
Компьютерт суурилсан шалгалтын жишиг асуултуудаас ангилал бүрийн асуултуудын загвар, агуулга, түвшний суурь мэдээллийг авч болно.
※Компьютерт суурилсан шалгалтыг туршиж үзэхийг хүсэж байвал суурин болон зөөврийн компьютер дээр туршиж үзэхийг зөвлөж байна. Мөн жишиг шалгалтын асуултын харагдах байдал нь бодитоос ялгаатай байж болохыг анхаарна уу.

ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ (JLPT)

Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт нь эх хэл нь япон хэл биш хүмүүсийн япон хэлний мэдлэгийн түвшнийг тогтоож, баталгаажуулах шалгалт юм. Энэхүү шалгалтад N1, N2, N3, N4, N5 гэсэн таван түвшин байдаг. Хамгийн амархан түвшин нь N5, хамгийн хэцүү нь N1 юм. Тусгай ур чадварын ажилтан (i)-ы хувьд “Ерөнхийдөө япон хэлээр ойлгодог” буюу Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын N4 болон түүнээс дээш түвшнийг хангасан байх шалгууртай.

Түвшин тус бүрийн хэлний мэдлэгийн шалгуурын баримжааг доорх холбоосоор үзнэ үү.

●N4-ын жишиг асуултуудыг доорх холбоосоор үзнэ үү.
●Шалгалтын тов, байршлын талаар доорх холбоосоор үзнэ үү.

Nursing Care Japanese Language Evaluation Test

Nursing Care Japanese Language Evaluation Test нь асрагчаар ажиллахад голчлон хэрэглэгдэх үгсийг ойлгож чадаж байгаа эсэхийг баталгаажуулах шалгалт юм. Шалгалтын үргэлжлэх хугацаа 30 минут, нийт 15 асуултаас бүрддэг. Тус шалгалтад асаргаатай холбоотой үгсийн сан (5 асуулт), асаргааны харилцан яриа, дуудах үгс (5 асуулт), асаргааны баримт бичиг (5 асуулт) гэсэн бүтэцтэйгээр асуултууд тавигддаг.

●Жишиг асуултуудыг доорх холбоосоор үзнэ үү.

Nursing Care Skills Evaluation Test

Nursing Care Skills Evaluation Test нь асрах үйлчилгээний үндэс суурь болсон ур чадвар, сэтгэн бодох чадварт үндэслэн, хэрэглэгчийн оюун санаа, бие махбодын нөхцөлд тохирсон сувилахуйн үйлчилгээг өөрийн санаачилгаар тодорхой хэмжээнд гүйцэтгэх чадамжийн түвшнийг тогтоох шалгалт юм. Шалгалтын үргэлжлэх хугацаа 60 минут бөгөөд нийт 45 асуулттай, түүнээс 40 нь онол, 5 нь практик асуултууд байдаг.

Онолын шалгалт:(40 асуултын задаргаа)
● Асаргааны үндэс (10 асуулт)
● Бие ба сэтгэцийн бүтэц (6 асуулт)
● Харилцааны арга техник (4 асуулт)
● Амьдралыг тэтгэх арга техник (20 асуулт)

Практик шалгалт: 5 асуулт
● Нөхцөл байдлыг үнэлэх гэх мэт шалгалтуудын хэлбэрийг ашиглан практик туршилтын даалгавар өгдөг.
(Анхаарах зүйл) Зураг үзүүлж асаргааны зөв дарааллыг ялгаж олуулах, дүгнүүлэх шалгалт

●Жишиг асуултыг асуултуудыг доорх холбоосоор үзнэ үү.
●Шалгалтын ерөнхий тойм, нэмэлт мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.

ШАЛГАЛТААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ НӨХЦӨЛИЙН ТУХАЙД

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийн хүрээнд асаргааны мэргэжилтэн (зөвхөн Индонез, Филиппин, Вьетнам хамаатай)-ий горилогчоор Японд улсад ирж, 4 жилийн турш асрамжийн газарт зохих ёсоор сурч, ажил эрхэлж буй хүмүүс болон “Ур чадвар бүхий ажилтан 2-р зэрэг”-ийг дүүргэсэн гадаадын иргэдийн хувьд шаардлагатай ур чадварын түвшин болон Япон хэлний мэдлэгийн түвшнийг хангасан гэж үзвэл энэхүү нийтлэлийн өмнөх хэсэгт дурдагдсан сувиллын ур чадварын шалгалт болон Япон хэлний мэдлэгийн шалгалтаас чөлөөлөгдөж “Тусгай ур чадварын ажилтан (i)” руу шилжих боломжтой. Асаргаанаас бусад “Ур чадвар бүхий ажилтан 2-р зэрэг” дүүргэсэн гадаадын иргэдийн хувьд Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын заримаас нь чөлөөлөгдөнө. (“Nursing Care Skills Evaluation Test” болон “Nursing Care Japanese Language Evaluation Test”-ыг өгөх шаардлагатай)

●EPA Candidate for “Kaigofukushishi” (Certified care worker)-ын талаар доорх холбоосоор орж үзнэ үү.

NURSING CARE JAPANESE LANGUAGE EVALUATION TEST БОЛОН NURSING CARE SKILLS EVALUATION TEST ШАЛГАЛТЫН ХҮСЭЛТ ӨГӨХ АРГУУД

Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны цахим хуудсанд заасан ур чадварын тогтолцооны талаар танилцуулсан байгаа бөгөөд шалгалт өгөх журам заавар бүхий гарын авлага байгаа. Шалгалтыг явуулдаг Прометрик ХХК-ны цахим хуудасны гадаад холбоосыг доор хавсаргав.

 

※Шалгалт тус бүрийн танхимын байршлын дэлгэрэнгүй мэдээллийг доорх “Шалгалтын танхимын жагсаалт”-аас үзнэ үү. Япон улсаас бусад улсаас шалгалт өгөх гэж байгаа бол юун түрүүнд улсаа сонгоно. Түүний дараагаар шалгалт авах байр зэрэг нарийн мэдээллийг шалгах нь зүйтэй.
※Шалгалтын тов үе үе шинэчлэгддэг. Тиймээс хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авахын тулд доорх холбоосоор орсны дараа хуудсыг шинэчилж байхыг зөвлөж байна.

Тусгай ур чадварын ажилтан (i) оршин суух зөвшөөрөл авах шалгалтад бэлдэхдээ сурах бичиг ашиглан бие дааж хичээллэхээс гадна япон хэлний сургуульд элсэн орж суралцах боломжтой юм. Энэ нийтлэлд бие даан суралцагчдад зориулсан сурах бичиг болон цахим хуудсыг санал болгох болно.

ЯПОН ХЭЛ СУРАХ АРГА БАРИЛ

Тодорхой ур чадвартай холбоотой хичээлээс гадна, япон хэл нь япон улсад амьдрахад зайлшгүй хэрэг болох ур чадваруудын нэг юм. Японд ажиллаж амьдардаг гадаадын иргэдээс япон хэлийг хэрхэн сурсан талаар асуухад “Японы анимэ үзэнгээ түүнд гарч буй үгсийг нэг нэгэнгүй дэвтэртээ бичиж, түүнийгээ цээжлэх замаар япон хэлийг сурсан” гэж Индонезоос ирсэн Дио хариулсан.

Япон сангаас гаргасан JFT-Basic шалгалтын бэлтгэлд нэмэр болохуйц дараах үнэ төлбөргүй материалуудыг япон хэлний хичээлдээ ашиглаарай.

IRODORI Өдөр тутмын япон хэл

Япон хэлний хичээлийн курс ном болох “IRODORI Өдөр тутмын Япон хэл” нь гадаадын иргэд Японд ажиллаж амьдрахад хэрэг болох анхан шатны Япон хэлний ярианы чадвар эзэмшихэд зориулсан сурах бичиг юм.
Японд амьдрахад учирч болох төрөл бүрийн нөхцөл байдал, сэдвийг хамарсан курс хичээлүүд үүнд багтдаг бөгөөд энэхүү хичээлээр дамжуулан практик харилцааг үр дүнтэйгээр сурах боломжтой. Хичээл бүр бие дааж сурах хэлбэрээр өгөгддөг ба тухайн хичээлийг суралцсанаар “ярьж чаддаг” болох нь гарцаагүй юм.

 

JF-Japanese e-learning Минато

Япон сангаас эрхлэн явуулдаг Япон хэлний сургалтын платформ бөгөөд япон хэлний төрөл бүрийн цахим сургалтыг (жилд дунджаар 150 сургалт) зохион байгуулдаг юм. Бүртгүүлсэн байхад хэзээ ч, хаанаас ч интернэтээр дамжуулан япон хэлийг сурах боломжтой. Бусад япон хэлний сургалтын цахим хуудас болон апп-ын холбоосыг ч энэ платформд хавсаргасан байдаг.

NURSING CARE SKILLS EVALUATION TEST БОЛОН NURSING CARE JAPANESE LANGUAGE EVALUATION TEST -Д БЭЛТГЭХ СУРАХ БИЧИГ

Японы Мэргэшсэн Асрагчдын Нийгэмлэг НҮТББ-аас гаргасан асаргааны салбарын Тусгай ур чадварын ажилтан (i)-ы үнэлгээний шалгалтад зориулсан сурах бичгийг заавал ашиглаж үзээрэй. Япон хэлээс гадна 10 орны хэлээр орчуулагдан гарсан байдаг. Сурах бичиг нь Nursing Care Skills Evaluation Test болон Nursing Care Japanese Language Evaluation Test -д бэлтгэхээс гадна одоо ажиллаж буй асрагчдад ч ажлын байран дээр ашиглагдахаар агуулгатайгаар хийгдсэн.

Асрагчийн ур чадварын түвшин тогтоох шалгалтад бэлтгэх сурах бичгийн холбоос:
https://aft.kaigo-nihongo.jp/rpv/

АСАРГААНЫ ЯПОН ХЭЛ СУРАХ “ЯПОН ХЭЛ СУРЦГААЯ” ЦАХИМ ХУУДАС

Японы Мэргэшсэн Асрагчдын Нийгэмлэг НҮТББ-аас эрхлэн гаргадаг “Япон хэл сурцгаая” онлайн хичээл нь асрагчаар ажиллахад шаардлагатай асаргааны үндсэн ур чадвар болон япон хэлний мэдлэгийг (N3 түвшин) эзэмшихэд зориулагдан бүтээгдсэн. Үнэгүй ашиглаж болох учраас заавал хэрэглэж үзээрэй.

Link
Олон улсын асаргааны ажилтныг дэмжих цахим хуудасны холбоос: “Япон хэл сурцгаая” :
https://aft.kaigo-nihongo.jp/rpv/

Гадаад улсын иргэд сэтгэл амар Япон улсад ирж асрагчаар ажиллах боломжийг хангах зорилгоор Улсын, орон нутгийн, мөн аж ахуйн нэгж албан байгууллагуудын болон асрамжийн газруудын зүгээс төрөл бүрийн дэмжлэгийг үзүүлж байна. Үүнд асаргааны ажилтай холбоотой дэмжлэгээс гадна хэл сурах, амьдрах суурь нөхцөлийг хангах зэрэг өргөн хүрээний бүрэн дэмжлэгүүд багтдаг.

ҮНДСЭН 10 ДЭМЖЛЭГИЙН ТӨРӨЛ (2020 оны 9 сарын байдлаар)

Япон улсад 2019 оны 4-р сараас шинээр хэрэгжиж эхэлсэн “Тусгай ур чадварын ажилтан” оршин суух зөвшөөрөлд Тусгай ур чадварын ажилтан (i) төрлөөр ирэх гадаадын иргэдийг хүлээн авахад зориулж дэмжлэгийн төлөвлөгөө боловсруулахыг Японы талын хүлээн авагч байгууллагуудад үүрэг болгосон байдаг[1]. Тус төлөвлөгөөнд доорх 10 төрлийг заавал оруулсан байхаар тусгасан байдаг. (Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. https://www.meti.go.jp/press/2019/08/20190809002/20190809002-1.pdf)

[1] 出入国在留管理庁「在留資格「特定技能」について 」Immigration Bureau of Japan ““Specified Skills” Residence Status”

1. Урьдчилсан удирдамж
2. Японд ирэх, явах үеийн угталт, үдэлт
3. Орон сууц, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай гэрээний дэмжлэг
4. Өдөр тутмын амьдралын чиглүүлэг
5. Төрийн байгууллагын үйлчилгээ авахад дагалдаж очих

6. Япон хэлний сургалтын боломжоор тэтгэх
7. Зөвлөгөө, санал гомдолд хариу үзүүлэх
8. Япон хүмүүстэй харилцах боломжоор тэтгэх
9. Ажлын байраа солих үед туслах (Хүний нөөийн цомхотгол гэх мэт тохиолдолд)
10. Тогтмол уулзалт хийх, төрийн байгууллагад тайлан өгөх

ГАДААДААС ИРСЭН АСРАГЧДАД ЭЭЛТЭЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН 3 ДЭМЖЛЭГ

Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2019 оноос (санхүүгийн жил) Ахмад настны эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд “Гадаад иргэдийг асрагчаар хүлээн авах тухай нөхцөл байдлын судалгаа[2]”-г хийсэн билээ. Тус судалгааны үр дүнд тулгуурлан эмхэтгэн гаргасан гарын авлагад Гадаадын иргэдийг хүлээн авахад анхаарах зүйлсийн талаар тусгасан байсан ба түүний хэсгээс энд толилуулъя. Та бүхнийг Японд ирээд ажиллахад ээлтэй байлгах үүднээс ажил олгогчид мөрдөх зааварчилгаа юм.

[2] 三菱UFJリサーチ&コンサルティング株式会社 「外国人介護職員の受入れと活躍支援に関するガイドブック」Mitsubishi UFJ Research & Consulting Co.,Ltd. “Guidebook for Accepting and Supporting Foreign Care Workers”

1. Ажлын байраа хадгалахыг дэмжих нь (Жишээ)

Гадаадын иргэдийг ажлын байран дээрээ сэтгэл амар, тогтвортой ажиллах нөхцөлийг хангахын тулд Японы аж ахуйн нэгжүүд төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Жишээлбэл:

  1. Гадаадын иргэдийг хүлээн авах зорилгоо урьдчилж ажилтнууддаа танилцуулж байна.
  2. Асаргааны ажил үүргийг стандартчилах, үг хэллэгийг нягтлах ажлуудыг хийж байна.
  3. Японы ажлын байран дээрх үндсэн дүрэм журмыг танилцуулж байна.
  4. Гадаад асрагчдын соёл болон амьдралын хэв маягийг ойлгохыг урьтал болгож байна.

2. Амьдран суурьших суурь бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлэх нь (Жишээ)

Таныг Япон дахь амьдралд тань нэг өдрийн ч болов өмнө дасгахын тулд ажлын байр төдийгүй амьдралын тал дээр ч хүлээн авагч байгууллага нь дэмжих тогтолцоог бий болгохоор ажиллаж байна. Жишээлбэл:

  1. Орон сууц олох, гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, гэр ахуйн тавилга, цахилгаан бараа зэрэгт зээл олгох, гар утасны гэрээний процесст туслалцах, интернэт ашиглах орчныг бүрдүүлэх гэх мэт өдөр тутмын хэрэгцээт зүйлсийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.
  2. Хооллох, худалдан авалт хийх, ариун цэврийн өрөө ашиглах, эмнэлэгт хандах, эм худалдан авах, метро, автобусаар зорчих, хог хаягдлаа ангилж хаях заавар, чанга чимээ анир гаргахгүй байх ёс зүй зэргийг зааж өгөхөөр ажиллаж байна.
  3. Визний журам, оршин суугчдын бүртгэл, эрүүл мэндийн даатгалд хамрагдах, даатгалын төлбөрт дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.
  4. Биеийн байдлын үзлэг, сэтгэл зүйн дэмжлэгийг сайжруулахаар ажиллаж байна.

3. Орон нутагтаа дасахад дэмжлэг үзүүлэх нь (Жишээ)

Гадаадын иргэд болон тэдний ажлын ойролцоох хүмүүсийн харилцаа холбоог сайжруулахаар хичээж байна. Жишээ нь асрамжийн газрын арга хэмжээнд нутгийн оршин суугчдыг урьж оролцуулан, орон нутгийн арга хэмжээнд гадаадын ажилтнуудыг хамруулан оролцуулахаар ажиллаж байна.

ОЛОН НИЙТИЙН ДЭМЖЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Гадаад улсаас ирсэн асрагчдад зориулсан дэмжлэг үйлчилгээнүүдийн заримыг энд танилцуулъя. Японд амар тайван ажиллаж амьдрахад дэмжлэг болохуйц төрөл бүрийн үйлчилгээнүүд байдаг.

Japan International Corporation of Welfare Services (JICWELS)

Гадаадаас ирсэн асаргааны ажилтнуудад Японы асаргааны ажлын байрыг таашааж, өөрсдийн туршлага болон чадвараа бүрэн ашиглаж, амар тайван ажиллаж амьдрахад дэмжлэг үзүүлж байна.

Гадаадаас ирсэн асаргааны ажилтнуудын хоорондын уулзалтаас авхуулаад тэдний асаргааны ажилтай холбоотой санаа зовнил, өдөр тутмын эсвэл нийгмийн амьдрал дээр тулгарч буй саад бэрхшээлийг даван туулахад зөвлөгөө өгч байна.

Японы Мэргэшсэн Асрагчдын Нийгэмлэг НҮТББ

Олон улсын асаргааны ажилтныг дэмжих “Япон хэл сурцгаая” (https://aft.kaigo-nihongo.jp/rpv/) цахим хуудас нь асаргааны чиглэлээр сурч, эсвэл ажиллаж буй гадаад иргэдэд зориулсан нэгдсэн платформ бөгөөд япон хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн сацуу асаргааны ажлын байранд шаардлагатай ур чадварыг суралцахад туслах болно. Өндөр үр дүн үзүүлэхийн тулд суралцагч өөрөө бие дааж суралцах нь зайлшгүй чухал юм. Тийм орчныг бий болгож буй цахим хуудас бол яах аргагүй “Япон хэл сурцгаая” бөгөөд үүгээр дамжуулан япон хэлний (N3 түвшин) хүртэлх мэдлэг болон асаргааны үндсэн ур чадваруудыг эзэмшихэд зориулагдсан. Мөн тэдгээрийн шалгалтад бэлтгэх бэлтгэл, багш нарт зориулсан контент байхаас гадна нийгмийн сүлжээн дэх хаягаа холбосноор хэрэглэгчид хоорондоо харилцах боломжтой. “Асаргааны япон хэл”, “Асаргааны ур чадварын шалгалт” зэргийн сурах бичгийг мөн үзэх боломжтой. Хэлний хувьд англи, камбож, Индонез, Непал, Монгол, Мьянмар, Вьетнам, Хятад, Тайланд гэсэн 9 хэлний сонголттойгоор хийгдсэн.

Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам(Ministry of Health, Labour and Welfare)

“Multilingual information”

“Олон хэлээр мэдээлэл (Multilingual information)”-тэй тул COVID-19-ын талаар орон орны хэлээр тайлбар ордог. Мөн вьетнам, тайланд, филиппин, индонез, непал хэлээр зурагт хуудас болон мэдээллийн хуудсыг татаж авах боломжтой.

“がいこくじんのみなさまへ しごとやせいかつのしえんについて” (Гадаадын иргэн та бүгдийн ажил, амьдралд дэмжлэг үзүүлэх тухай) Японд ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдэд зориулсан мэдээллийг ойлгоход амархан япон хэлээр болон өөр олон хэлээр авах боломжтой.

Токио хот (Tokyo Metropolitan Government)

Токио хотын оршин суугчдад зориулан гаргадаг ба 2018 оны 4-р сарын дугаар нь англи, хятад, солонгос хэлээр мөн байршсан байгаа.