ЯПОН ХООЛНЫ САЙХНЫГ МЭДЭРЦГЭЭЕ

ЯПОН ХООЛНЫ САЙХНЫГ МЭДЭРЦГЭЭЕ

Япон хоол гэхээр “сүши”, “рамен”, “темпүра” хамгийн түрүүнд санаанд ордог хүмүүс олон байдаг болов уу. Мөн Японд очвол япон үндэсний хоолноос өөр хоол байхгүй байх вий гэж санаа зовж байж ч болзошгүй юм. Түүнээс гадна харшил эсвэл шашны холбоотойгоор зарим хүнсийг идэх боломжгүй, идэж чаддаггүй хүмүүс Японд амьдрахад хооллолт дээрээ санаа зовдог байж магадгүй. Тиймээс Японд амьдарч үзсэн гадаадын иргэдээс санал асуулга болон ярилцлагаар дамжуулж Япон дахь тэдний хооллолтын талаар сонирхож үзлээ.

Contents:

ЯПОН УЛСАД ДАН ЯПОН ҮНДЭСНИЙ ХООЛ ИДДЭГ ҮҮ?

“Япон дахь хооллолт гэвэл дан Япон үндэсний хоол гэж эндүүрч болохгүй. Японд ирээд хооллолтын хувьд асуудалтай тулгарлаа гэсэн гадаадын хүнтэй одоог болтол таарч байгаагүй. Япон гэхээр загас л иддэг гэсэн сэтгэгдэлтэй байж магадгүй ч яг үнэндээ бол тийм биш юм. Харин ч Японы гудамжаар алхаад үзвэл төрөл бүрийн хоолны газрууд байдаг ба хүнсний дэлгүүр, супермаркетуудад олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд өрөөстэй байдаг. Дэлхийн аль ч орноос ирсэн хүн байсан ч өөрт таалагдах амтыг олно гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн Япон үндэсний хоол дотроо олон нэр төрөл байдаг ба тэдгээр нь маш амттай тул заавал идэж үзэх хэрэгтэй” гэж Монголоос ирсэн Анарбаяр Рэнчинхорол зөвлөсөн юм.

 

ХҮНСЭЭ ХААНААС АВДАГ ВЭ?

Непал улсаас ирсэн Мани Гяавали Япон дахь хооллолтдоо сэтгэл хангалуун байсан талаараа хуваалцав. “Ихэнх хүнсний хэрэгцээгээ супермаркетаас авч болдог. Гадаадын хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүрүүд ч байдаг учраас маш амар байсан. Гэвч супермаркетуудын хаах цаг нь оройн 20-21 цагийн хооронд байдаг тул амжихгүй үедээ 24 цагаар ажилладаг конвиниенс дэлгүүрээс хэрэгтэй зүйлсээ худалдаж авдаг. Төрсөн нутагтаа идэж байгаа мэт амт гаргахын тулд хүнс болон амтлагчаа тааруулж сонгодог боловч гэрийн ойролцоох дэлгүүрт тухайн хүнс байхгүй бол онлайн худалдаанаас захиалаад авчихдаг. Японы онлайн худалдааны интернет дэлгүүрүүдэд гадаадын олон төрлийн бүтээгдэхүүнүүд худалдаалдаг учир үнэхээр амар байдаг” гэв.

 

ЯПОН ҮНДЭСНИЙ ХООЛНЫ СОЁЛ

Бусад орнуудын нэгэн адилаар япон хооллолтод мөн хоолны соёл байдаг. Асрах газарт өндөр настнууд олон байдаг учир хооллолтын зөв соёлд суралцахад буруудахгүй.

  • Хооллолтын мэндчилгээ: Хооллож эхлэхдээ “Сайхан хооллоорой (Итадаки масү)”, хооллож дуусаад “Сайхан хооллолоо (Гочисо сама дэшита)” гэж хэлээд алгаа хавсран ёсолно.
  • Савх барих ёсон: Үзэг барьдаг гартаа савхыг чимхэх байдлаар барьж, нөгөө гараараа дэмжиж барилтыг засна. Савх хэрхэн барих талаар бичлэгүүд цахим орчинд бэлэн цацагдсан байгаа тул “How to use chopstics буюу хэрхэн савх хэрэглэх вэ?” гэж интернэтийн хайлт хэсэгт бичээд хайгаад үзээрэй. Мөн аягатай будаанд савхаа зоох нь бүдүүлэг, ёс зөрчсөнд тооцогддог.
  • Ширээ засалт: Япон үндэсний хоолны ширээ засалтад олон дүрэм байдаг. Тэдгээрээс зүүн гар талд будаа, баруун гар талд мисо шөл байрлана гэдгийг заавал цээжлэх хэрэгтэй. Эсрэгээр нь байрлуулбал нас барсан хүнд тавих идээ будааны засалт болчих тул анхаараарай.

Нөгөөтээгүүр гадаад улсад бүдүүлэгт тооцогдох ч Японд бүдүүлэгт тооцогдохгүй үйлдлүүд ч бас байдаг. Жишээ нь, цай, мисо шөл уухдаа, эсвэл соба юм уу рамен идэхдээ сорж дуу гаргах нь Японд бүдүүлэгт тооцогддоггүй. Тиймээс Япон хүн чанга дуу чимээ гарган гоймон сороод байвал бүү гайхаарай.

Дээрх зүйлс нь хооллолтын соёлын өчүүхэн хэсэг нь билээ. Япон хоолны соёл нарийн, олон янз байдаг тул Японд ирэхээсээ өмнө судалж, суралцах нь зүйтэй.

 

ШАШНЫ ХОЛБООТОЙГООР ХООЛЛОЛТЫН АСУУДАЛТАЙ УЧИРЧ БАЙСАН УУ?

Хиёого мужид байрлах асрах газарт ажиллаж байсан Индонез улсын иргэн Рисванти  “Японд ирэхийн өмнө хоолондоо их санаа зовж байсан. Лалын шашинд зарим хоолны хориг байдаг. Халал аргаар хийгдсэн хоол авч чадах болов уу, хаанаас авч болох бол гээд санаа зовж байлаа. Харин адилхан Индонезоос Японд ажиллахаар очсон хүнээс зөвлөгөө авсны дараа санаа зовох зүйлгүй болсон. Японд халал хоолны хүнсний дэлгүүр олон байдаг ба мөн импортын хүнсний бүтээгдэхүүний дэлгүүрүүд ч байдаг тул хоолны тухайд ямар нэгэн асуудал гарахаа больсон” гэж ярьсан юм. Мөн Непал улсын Мани Гяавали “Өөрийн идэж чадахгүй зүйлсээ хэлэхээр түүнийг нь оруулалгүйгээр хоол бэлтгэж өгдөг үнэхээр найрсаг хоолны газрууд Японд байдаг. Харин Япон үндэсний хоолны газрын меню нь заримдаа уншихад бэрхшээлтэй бичигдсэнээс болоод хоолны орцыг нь мэдэхгүй учир хэцүү санагдах тохиолдлууд хэд хэд байсан” гэжээ.

2013 онд “Японы үндэсний хоол”-ыг “Япон үндэстний уламжлалт хоолны соёл” гэж ЮНЕСКО-ын биет бус соёлын өвд бүртгэсэн билээ. Японд амьдарч байхдаа япон хоолыг заавал амталж үзээрэй. Ресторан, зоогийн газруудад хоолны менюг японоор л бичсэн байх тохиолдлууд байдаг ч гэсэн энэ ч бас япон хэлний хичээлийн нэг юм шүү. Мөн Японы  бүс нутгийн онцлогийг харуулсан орон нутгийн хоолнууд төрөл төрлөөрөө байдаг. Япон явахаар догдлох нэг томоохон шалтгаан бол яах аргагүй “хоол” юм.