ЯПОНД АСРАГЧААР АЖИЛЛАЖ БАЙСАН ТУРШЛАГАТАЙ ХҮМҮҮСЭЭС ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

ЯПОНД АСРАГЧААР АЖИЛЛАЖ БАЙСАН ТУРШЛАГАТАЙ ХҮМҮҮСЭЭС ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Сүүлийн үед Япон улсын өнцөг булан бүрийн асрамжийн газруудад гадаад орноос асрагчид ирж ажиллах нь олширсоор байна. Шинэ орчинд өөр хэлээр ажиллаж амьдрах нь ямар байдаг болоо? Япон улсад асрагчаар ажиллаж үзсэн гадаад орны иргэдээс авсан анкет болон ярилцлагыг үндэслэн хариултыг олцгооё. Мөн цаашид Япон явахаар төлөвлөж буй хүмүүст зориулж асрагчаар ажиллаж байсан туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг нэгтгэн оруулсан тул Японд асрагчаар ажиллах хүсэл эрмэлзэлтэй та бүхэн заавал уншиж танилцаарай.

Contents:

АСРАГЧААР АЖИЛЛАЖ БАЙХАД ТОХИОЛДСОН ХАМГИЙН ИХ СЭТГЭЛД ҮЛДСЭН ЯВДАЛ ЮУ ВЭ?

Асрагчийн ажил бол өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өдөр тутмын амьдралд дэмжлэг үзүүлдэг хариуцлагатай бөгөөд маш чухал ажил юм. Ажлаа хийх явцад асруулагчтай ярилцаж байхдаа болон асрамжийн газар зохиогддог арга хэмжээнүүдээр дамжуулан олон дурсамжийг бүтээж чаддаг.

Японд асрагчаар ажиллаж байхдаа ямар дурсамжуудыг бүтээсэн бэ? Эхлээд асрагчдын хамгийн тод санаж буй сайхан дурсамжаас нь хуваалцлаа.

  • “Хөгжилтэй дурсамж гэвэл үдээс хойшхи зуушны цаг юм. Тэр үеэр асрагч асруулагчид бүгд зааланд цуглаж хамтдаа зууш идэнгээ ярилцаж, дуу дуулж, тоглоом тоглох зэргээр хөгжилддөг. Ахмад настнууд инээлдэж, баярлаж байхыг хараад би ч гэсэн маш аз жаргалтай болдог. Мөн байнгын завгүй ажилладаг асрагчид ч гэсэн энэ үеэр амарч сэргэж авдаг” (Филиппин улсын Алберт Фернандез, Окаяама дахь асрамжийн газар)
  • “Асрамжийн газрын нэгэн арга хэмжээн дээр Вьетнамын По шөлийг хийж худалдаалсан юм. Хүмүүс маш ихээр сонирхон шуурч нэг цагийн дотор бүгдийг нь худалдаалаад дуусчихсан. Асрамжийн газрын асруулагчид болон тэдний гэр бүлийнхэн “Маш амттай байна” гэж хэлж байсан нь надад үнэхээр сайхан байсныг санаж байна. Мөн ахмад настнууд болон ажилтнууд бүгдээрээ хамтдаа Бон бүжиг бүжиглэж байсан. Японы Бон бүжгийг анх удаа бүжиглэж байсан учраас тийм ч сайн чадахгүй байсан ч маш хөгжилтэй байсан” (Вьетнамаас ирсэн Хоанг Ти Нгок Ан, Хиого дахь асрамжийн газар)

 

Японд анх ирээд асрагчийн ажил хийж байхдаа юунд хамгийн их гайхаж байсан бэ?

  • “Шөнийн ээлжинд анх удаа гарахад шөнө дунд асрамжийн газрын дотуур зарим өндөр настан алхаад байсныг хараад их гайхсан” (Филиппин улсын Алберт Фернандез, Окаяама дахь асрамжийн газар)
  • Асрагч болоод анх гайхаж байсан зүйл нь угаалгын асаргаа юм. Хооллох, бие засах, хөдөлгөөний, шилжүүлгийн асаргаа зэргийг хийнэ гэж таамаглаж байсан ч Японд усанд ороход хүртэл тусалдаг нь их гайхшрал төрүүлсэн.” (Индонез улсын Рисванти)
  • “Японд хиймэл шүд зүүдэг өндөр настнууд байдаг. Төрсөн нутагтаа хиймэл шүд зүүдэг хүн харж байгаагүй болохоор гэв гэнэт амнаас нь шүд гараад ирэхэд маш их гайхсан шүү” (Вьетнам улсаас ирсэн Хоанг Ти Нгок Ан)

 

ЯПОНД АСРАГЧААР АЖИЛЛАСНААР ХУВЬ ХҮНИЙ ХУВЬД ХӨГЖИЖ ДЭВШСЭН ЗҮЙЛС

Өндөр настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асарч байх явцад асрагчдын үзэл бодол болон ахмад настантай харьцах харилцаа их өөрчлөгддөг бололтой. Мөн Японд сурсан асаргааны чадвараа эх орондоо харьсан хойноо ч гэсэн ашиглаж буй хүмүүс байдаг. Өөрийн өссөн газраас өөр орчинд сурч, хэлний мэдлэгээ нэмэгдүүлэх болон асрагчийн туршлага хуримтлуулах нь цаашдын ажил амьдралд нь маш том нөлөө үзүүлдэг бололтой. Ингээд Японд асрагчаар ажиллаж байсан хүмүүсийн сэтгэгдлийг сонирхоцгооё.

  • “Өндөр настай эсвэл хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн тухайн хүнийг хүн гэдэг утгаар нь хүндлэх хэрэгтэй. Энэ нь тухайн хүний бүх зүйлд нь туслаад байна гэсэн үг биш харин тухайн хүний өөрийн хийж чадах зүйлсийг нь аль болох өөрөөр нь хийлгэхэд дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг ойлгосон.”
  • “Эмээ маань тархины шигдээсийн улмаас биеийн тал хэсэг нь мэдээгүй болоод асаргаа хэрэгтэй болсон юм. Тухайн үед Японд сурсан асаргааны мэдлэгээ гэр бүлийнхэндээ зааж өгсөн.”
  • “Зөнөх өвчнөөр өвдсөн эмээгээ асрахад хэрэг болсон. Ер нь Японд сурсан бүх мэдлэг, чадвар хэрэг болсон. Ялангуяа усанд оруулах, хооллох, живх солих асаргаанд үнэхээр хэрэг болсон.”
  • “Харилцааны чухлыг ойлгосон. Өмнөхөөсөө ч илүү хүний ярианд анхаарал хандуулан сонсож чаддаг болсон.”
  • “Юу ч тохиолдсон тайвнаар хариу үйлдэл үзүүлэх чадвартай болсон. Бусдад уурлахаас урьтаж өөрийнхөө үйлдлийг зөв эсэхийг боддог болсон.”

 

ЦААШИД ЯПОНД АСРАГЧААР АЖИЛЛАХААР СОНИРХОЖ БУЙ ХҮМҮҮСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Шинэ орчинд дасаагүй хэлээр асрагчийн анхны ажлаа хийх учраас өдөр бүр сорилттой учирна. Гэр бүлээсээ хол явсан учраас гэрээ санах, ажил болон хэлний хичээлээ хийхдээ стресс хуримтлуулах тохиолдол байдаг. Гэсэн хэдий ч япон хоол болон японы соёлыг сонирхон судалж, Япон дахь амьдралаа таашаадаг хүмүүс олон байдаг. Ингээд Япон явж асрагчийн ажил хийхийг сонирхож байгаа хүмүүст зориулан асрагчаар ажиллаж байсан туршлагатай хүмүүсийн өгсөн зөвлөгөөг хүргэж байна. Хэрэгжүүлээд үзээрэй.

  • “Япон явахаас өмнө хэлээ маш сайн сурсан нь дээр шүү. Япон хэлээр сайн ярьж чаддаг болвол Японд хийх олон сонирхолтой зүйлс байдаг шүү. Тиймээс хичээлээ сайн давтаарай.”
  • “Японы соёл болон хэлийг маш сайн сураарай. Эхэндээ хэцүү үе байх ч гэсэн яриандаа сайн бол Япон дахь амьдрал тийм хэцүү санагдахгүй ээ.”
  • “Амралтын өдрөөрөө кино үзэх, цэцэрлэгт хүрээлэнд очих зэргээр сайхан дурсамж бүтээнгээ сайн амарч авах нь чухал шүү.”
  • “Япон улс дүрэм журам ихтэй улс. Ирэхээсээ өмнө тэдгээрийг судалж мэдэх, Японд ирээд бага багаар хэрэгжүүлэх нь зүйтэй шүү.”
  • “Ажлаа хийж эхлээд эхний хэдэн саруудад гэрээ санах үе байсан. Тухайн үед Японд ирсэн шалтгаанаа эргэн санаж, өөрөө өөрийгөө үргэлж магтаж байсны дүнд даван туулж чадсан. Эхний үедээ хэцүү байсан ч, нэгэнт дасчихвал Япон дахь амьдрал маш хөгжилтэй сайхан болдог.”
  • “Японд байх үедээ гэр бүлтэйгээ хүссэн үедээ уулзаж чадахгүй ч гэсэн энд интернет хаа сайгүй байдаг учраас гэр бүлтэйгээ видео дуудлага хийснээр сэтгэл амардаг байсан. Мөн ажиллаж байсан асрамжийнгазарт нь нутаг нэгтэй хүн байдаг бол гэр бүл шиг дотно санагддаг.”